Аглагхан талаасаа хотод орж ирэхэд
Аятайхан л юм шиг байдаг даа
Автобусны зогсоол дээр хүмүүс үзэгдэж
Нартай хөндий шиг л гудамж гэрэлтдэгсэн дээ
Хэн хэнийгээ танихгүй олон
Хэрэх замын уулзварт нэг уулзацгаах юм даа
Хэтдээ тэд хаа очих нь тусдаа ч
Хэрэг болбол хүн хүнийхээ заяаг түшилцэнэ ээ
Нэр зүс үзээгүй бүсгүйтэй суудал хувааж явахад
Нэн ч аялагхан бөгөөд мэдэхгүй цэцгийн үнэр
Нэгэнтээ анхилж хоёронтоо холдон
Хэрлэнгийн хөвөө хавиар л зүүдэнд шингэдэг дээ
Аглагхан талаасаа хотод орж ирэхэд
Аятайхан л юм шиг байдаг даа
Автобусны зогсоол дээр хүмүүс үзэгдэж
Нартай хөндий шиг л гудамж гэрэлтдэгсэн дээ
Од мөндөр мэт үзэсгэлэнт төвөөр
Олон л орж ирж буцлаа даа
Ойн цоорхойд зогсох гөрөөс шигээ сониучирхан
Орчлон энтээхийг гайхаж л явлаа
Хөл болоод бэлхүүс бие нь зөв
Хөөрхөн хүүхнүүдий нь модны цаанаас харж л явлаа
Аглагхан талаасаа хотод орж ирэхэд
Аятайхан л юм шиг байдаг даа
Автобусны зогсоол дээр хүмүүс үзэгдэж
Нартай хөндий шиг л гудамж гэрэлтдэгсэн дээ
Энэ л яваа насандаа тэр сайхан газар
Эхнэр хүүхэдтэйгээ нэг суурьшмаар бодогдоно
Тэнгэрийн салхиар дутам өдөр ирэх л биз ээ
Тэгвэл би цонхоо цэлийтэл нээчихнэ...
Хань нөхөд минь манай руу тэгээд
Хаврын урь шиг ирцгээнэ ээ
Хаалга үүдээ тогшицгоодоггүй хөдөөний тэд
Ханагар ханагар эрчүүл ороод ороод ирнэ
Аглагхан талаасаа хотод орж ирэхэд
Аятайхан л юм шиг байдаг даа
Автобусны зогсоол дээр хүмүүс үзэгдэж
Нартай хөндий шиг л гудамж гэрэлтдэгсэн дээ
Орон хот газраар зөндөө л их явлаа
Онгодоо сэргээж хүлэг морьдоо унасан юм шиг
Урт урт улаан автобусаар нь
Урагшаа хойшоо бишгүй л давхилаа
Яарсан олных нь урсгалд Дарьгангаасаа нийлж
Нацагдоржийнхоо хөшөө рүү шүлгийн номтой догдолж явлаа
Ялигүй нэг гуниг гэвч зүрхэнд сууж
Яруу найрагт минь үлдсэн юм даа
Оньстой хаалганы гадна талд би зогсож
Одоо цагийн хонхны товчийг шогширтол дарсан
Дон дон гэдэг хүүхдийн тоглоомын дуу гарч
Дотроос нь улавчтай хөлний удах чимээг хүлээсэн
Босгоныхоо дэргэд тэд ирж шилэн хараавчаар
Буудах гэж байгаа юм шиг намайг шагайсан
Алах алахгүй ангаа л ингэж
Анчин хүн дуранддагсан даа
Аглагхан талаасаа хотод орж ирэхэд
Аятайхан л юм шиг байдаг даа
Автобусны зогсоол дээр хүмүүс үзэгдэж
Нартай хөндий шиг л гудамж гэрэлтдэгсэн дээ
Үнэхээр сайхан цэнгэж дуу дууллаа энд би
Үнсүүлж хайрлуулж үзүүлж үзлээ
Догдолж хөөрсөн сэтгэл довжоо алгасахад
Дотор талын хаалганд цүү хангинаж
Хөл минь торсон юм даа
Ялигүй нэг гуниг зүрхэнд үлдэх нь яамай даа
Яруу найраг минь харин сүүдэргүй байг даа
Яарсан олныхоо урсгалд Дарьгангаасаа би нийлж
Нацагдоржийнхоо хөшөө рүү дахиад нэг очъё доо
Аглагхан талаасаа хотод орж ирэхэд
Аятайхан л юм шиг байдаг даа
Автобусны зогсоол дээр хүмүүс үзэгдэж
Нартай хөндий шиг л гудамж гэрэлтдэгсэн дээ
No comments:
Post a Comment