Monday, March 2, 2009

НУРМАА


Нурмаа гэж

Нутгийн минь бүсгүй

Нууцхан санаа алдмаар

Сайхан бүсгүй

Зүрхний минь гүнд

Нуугдсан булаг

Зүүдэн дотор намайг бүүвэйлсэн

Ганга нуурын давалгаа

Морьтой хүн ирвэл

Сураг дуулмаар санагдаад

Морьтой хүн явбал

Сураг хэлүүлмээр бодогдоод ...

Нурмаа гэж ...

Сэтгэлд шиврэх

Хаврын бороо

Нурмаа гэж ...

Сэтгэл гэгэлзэх

Намрын салхи.

Зүрхнээ цохилох

Гангын цагаан шивнээ

Зүүднээ өндөлзүүлэх

Дарьгангын жаахан шарга.

Насны багад

Надад эгчирхсэн омгорхол

Намайг байгальтай хүйслүүлж

Нартай согтоосон бодьгал

Нурмаа гэж ..

Нутгийн минь бүсгүй

Нуух нүгэлгүй

Хүний үр

Нурмаа гэж ...

Нуурын айлын сайхан хүүхэн

Нутгийн ах нарын

Нүдний хор

Нурмаа гэж ...

Эр хүн өөрийгөө нууцхан гоёмоор

Эх нутгийнх нь захад нэг тольдмоор

Сайхан бүсгүй

Зүрхний минь гүнд

Нуугдсан булаг.

Зүүдэн дотор намайг бүүвэйлсэн

Ээжий минь Ганга нуур

Нурмаа гэж ...

No comments: