Дэлхий даяараа тэгэхэд
Тэнгэр дуугарсан гэж бодогддог
Тээр жилийн тэр нэг шөнө
Тэнгэрлэг гоо нэгэн эхнэрийн
Тэрлэгэн дээлний ташаагаар
Гялбаа цахилахуйд
Тэнгисийн шорвог устай цуг
Эргийн мөргөцөг рүү шидэгдэж
Эхээс би мэндэлсэн юм
Баруун Алтайд газар хөдлөхөд
Баруун зуугийн хийд хаагдахад
Эрлэг номун хааны ногоон сүүдэр
Эсгийн туургатнаар тэнүүчлэхэд
Халуун төмөр шиг улайссан
Бүсгүй хүний гар
Ханын нүдээр туурга нэвт цоолж
Хаяанд ургасан алтан цэцгийг
Хар жаахан хорхойтой нь хамт
Бяц атган нярайлахад
Би төрсөөн ...
Ханаран хөхрөх хөвч тайгын
Хамбан олбог шиг ойн чөлөөнд
Халтар халиун буга согоо хоёр
Хайрын дуугаар биесээ дуудан урамдахад
Хаа нэгтээ бас чоно улин
Хар мэнгэ мэт хэрээ нисэх
Хайрхан өндөр уулсын
Ханан хадны сэрвэнгээр
Хасын туулайт саран бултайхад
Мэргэн Тоньюкукийн гэрэлт хөшөөнд
Мэнд-Ооёо бид хоёроос өмнө
Олжас Сулемейнов болоод
Олон хасагууд ирээгүй байхад
Гэрэл харанхуйн завсар
Гэгээн үүрээр би мэндэлсээн ...
Аварга том хөлөг онгоц
Номхон далайн гүнд живэхэд
Алимын модыг халимтай нь өргөн
Атлантын мөсөн уул ил гарахад
Аравнайлсан их бурхан Жанрайсигээр
Үхэр бууны сум хийж
Алтан Овооны минь
Алтан ганжирыг оросууд буудахад
Түүний цаана
Түймэр шиг бадарч явсан
Өргөн талын минь
Үнэг гэгч сайхан амьтан
Өвсний үзүүртээ амь нь таслагдахад
Өөрийнхөө сүүдрийг нүд нь харсаар байсан
Гамшиг зовлон, үйлийн үртэй
Гахай жилийн зуднаар би төрсөөн ...
Тэнгэрийн хаяаны будрын чулууг хоргол байхад
Тэхийн зогсоол дээр янгирын ишиг гараагүй байхад
Ембүү мөнгөн сар мэлтрэх
Шилийн Богд уул
Явуухуланг л монголоос ганцхан хүлээсэн мэт ...
Хачин нам гүм оргих
Хагацахуйн аймшгийн тэр агшнаас өмнө
Хамаагүй эрт өлгийдөө үрчлээтсэнээ мэдэрсэн
Хэдэн оны, хэдэн сарын, хэдний өдрийг
Хэл бичиг, тоо, үсэг үгүй
Хэзээ мэндэлсний гэрчилгээ үгүй
Асгат хэмээх цаст ноён уулын
Авдрантын урд биед
Азаргаар адуу тууж хийморьшсон
Арван тавны цагдаа нарт хөөгдөж омогшсон
Сайн эр Тоорой Бандийн нуугдаж явсан
Сайрын чулуу гэдэг Саран хонхорт
Сайран хөлтэй хүү болж би мэндэлсээн
Дарьгангын хоёр найрагч
Данзаннямын Шагдарсүрэн
Доржийн Гомбожав хоёрыгоо
Даанч эрт хорвоогоос халихад
Дараагийнх нь үхлийн үргэлжлэл болох гэж
Данзангийн Нямсүрэн бибээр ертөнцөд төрсөөн ...
Галав юүлсний дараа би
Гараг дээр төрсөн байх ...
Гадил жимсийг сармагчинд өгөхөд
Хүмүүн төрлийг олсон байх ...
Галав юүлэхээс өмнө амжиж
Ганц шүлэг бичиж үлдээх юмсан даа
Гадил нөгөө жимсийг нь
Сармагчиндаа буцааж өгөөд
Газар дээр өргүй
Санаа амар буцахсан даа ...
1996.04.07
No comments:
Post a Comment