Thursday, December 16, 2010

ДАНЗАНГИЙН НЯМСҮРЭНГИЙН НОМЫН БАЯР БОЛНО

Данзангийн Нямсүрэнгийн “Ирж буй цаг”, “Амитаба”, “Сарны цагаан үүлс” хэмээх гурван боть номын нээлт 2010 оны 12-р сарын 17-ны 17 цагт Монголын Үндэсний Түүхийн Музейд болно.

Д.Нямсүрэнгийн Хаврын урсгал (1984), Сэтгэлийн байгаль (1991) хэмээх залуу насны хоёр номыг нь өөрийн бэлдсэн уг эхээр нь тэргүүн боть болгож “Ирж буй цаг” хэмээн нэрлэсэн бол тэнгэрт буцахаасаа өмнө хэвлүүлсэн “Аглагхан талаасаа” (2002) номыг нь дэд боть болгож “Амитаба” хэмээх алдарт шүлгээр нь нэрлэжээ. Д.Нямсүрэн 1980-аад оны сүүлчээр “Сарны цагаан үүлс” нэртэй ном хэвлэлд бэлтгэсэн боловч өөрчлөн байгуулалтын үеэр хэвлэлийн редакци татан буугдсан тул уг ном хэвлэгдээгүй үлдсэн юм. Д.Нямсүрэнгийн гутгаар ботьд өөрийн нь бэлтгэж байснаар “Сарны цагаан үүлс” нэр өгч уг номын шүлгүүд болон түүний хувийн архив, анх нөхөдөд нь хадгалагдаж байсан шүлгүүдээс нь сонголт хийж хэвлэсэн байна.

Д.Нямсүрэнгийн гурван ботийг “Модун” компанийн захирал, Дундговь аймгийн харъяат Должидын Батбаяр ивээн тэтгэсэн бөгөөд тэрбээр үүгээр “Модун номын сан” цувралаа эхэлж буй нь энэ ажээ.