Тэнд миний хэдэн хүүхэд байгаа
Мэргэн бор оготнотой хөеө цуглуулж байна
Миний хэдэн хүүхэд даарч байгаа
Намар, өвлийн зургаан сар болно
Намар, өвлийн зургаан сар хүйтэн.
Бага амьтад гэдэг учир мэдэхгүй
Бойтог болоод бээлий тэдэнд хэрэгтэй.
Шинийн гуравны хавирган сар
Шилийн бухны эвэр шиг шовх байна
Маргааш тэгэхээр хүйтэрэх нь
Магнайн тэнгэрт зурхай татна.
Хөврөх хоног гэдэг хүлээсэн хүнд
Хөсөг тэрэг шиг удаан байх юм.
Хүүхэд шуухад яваад өгөхөөр айл гэдэг
Хөрсөн зуух шиг саарал байх юм.
Шаалуу хүүгийн үлгэрт хүртэл
Шаналал, хайрлал хоёр байх юм
Хүүхэд гэдэг өхөөрдөм амьтанд
Хөх чоно хүртэл дасаж
Хөхөө хөхүүлж байсан гэх юм.
Дэрсний толгой бөхөлзөн хөдлөхийн цагт
Дэн дун бодол хүн амьтанд ирэх юм
Ангир хүртэл дэгдээхийгээ дагуулж явах гээд
Алгадан, алгадан нисүүлэх гэж оролдох юм.
Холын холоос хүүхэд нэг санавал
Хоёр талын уулыг сэтэртэл хардаг гэх юм.
Манхны цаанаас ингэ ботго буйлаад иртэл
Малгайн чинээ нулимстай зогсдог гэх юм.
Сэтгэлийн гунигаа хүүхэд мэдэхгүй гэвч
Сэвлэг үс нь намрын салхинд хонгортдог биз ээ.
Томчуул бидний алхаа хооронд
Тоодгор жаахан мөр нь үлддэг биз ээ.
Дэндүү эцэг нь хүүхдээ бодолгүй
Дэлхийн зургаан сард дэмий ч олон шүлэг бичиж үү дээ.
Дорнын шувуудын буцах замд хүүхдүүд минь
Дороо нойтон зүүдтэй хоносон бол яана даа ...