Sunday, September 5, 2010

Таван сарын модод...

***

Таван сарын модод дахиад л цэцэглэнэ
Танай гэрийн үүдэнд мөн л би очно
Тансаг яруу шүлгээ ахиад л чамд уншина
Тавилан заяаныхаа зөрөгөөр эргээд л бас буцна

Мөнхийн тэр нэг өдөр бороотой байсан
Юүдэн цувгүйгээр бид шүлэгээ уншсан
Алга ташилт, айлын урилга
Амтлаг дарс, юм юм л болсон.

Цэнгэлтэй тэр нэг зун санаанаас гарахгүй
Цэцэг борооны үнэртэй чамайг мартахгүй
Уулзаж хагацсан шүлэгтэй мөр минь арилахгүй
Уран бүтээлийн гэрээ хүрэх зам огтлолцохгүй.

Номин хөх тэнгэр минь тэнд бүтэнээрээ бий
Ногоон модны дэргэдэх дурсгал надад бий
Ноднингийн ургацын үр Хэрлэнгийн хөрсөнд бий
Нойрондоо умдлах миний булаг чамд бий.

Таван сарын модод дахиад л цэцэглэнэ
Танай гэрийн үүдэнд мөн л би очно
Тансаг яруу шүлэгээ ахиад л чамд уншина
Тавилан заяаныхаа зөргөөр эргээд л бас буцна

No comments: