Monday, March 2, 2009

ТӨРСНИЙ ГЭРЧИЛГЭЭ



Дэлхий даяараа тэгэхэд

Тэнгэр дуугарсан гэж бодогддог

Тээр жилийн тэр нэг шөнө

Тэнгэрлэг гоо нэгэн эхнэрийн

Тэрлэгэн дээлний ташаагаар

Гялбаа цахилахуйд

Тэнгисийн шорвог устай цуг

Эргийн мөргөцөг рүү шидэгдэж

Эхээс би мэндэлсэн юм

Баруун Алтайд газар хөдлөхөд

Баруун зуугийн хийд хаагдахад

Эрлэг номун хааны ногоон сүүдэр

Эсгийн туургатнаар тэнүүчлэхэд

Халуун төмөр шиг улайссан

Бүсгүй хүний гар

Ханын нүдээр туурга нэвт цоолж

Хаяанд ургасан алтан цэцгийг

Хар жаахан хорхойтой нь хамт

Бяц атган нярайлахад

Би төрсөөн ...

Ханаран хөхрөх хөвч тайгын

Хамбан олбог шиг ойн чөлөөнд

Халтар халиун буга согоо хоёр

Хайрын дуугаар биесээ дуудан урамдахад

Хаа нэгтээ бас чоно улин

Хар мэнгэ мэт хэрээ нисэх

Хайрхан өндөр уулсын

Ханан хадны сэрвэнгээр

Хасын туулайт саран бултайхад

Мэргэн Тоньюкукийн гэрэлт хөшөөнд

Мэнд-Ооёо бид хоёроос өмнө

Олжас Сулемейнов болоод

Олон хасагууд ирээгүй байхад

Гэрэл харанхуйн завсар

Гэгээн үүрээр би мэндэлсээн ...

Аварга том хөлөг онгоц

Номхон далайн гүнд живэхэд

Алимын модыг халимтай нь өргөн

Атлантын мөсөн уул ил гарахад

Аравнайлсан их бурхан Жанрайсигээр

Үхэр бууны сум хийж

Алтан Овооны минь

Алтан ганжирыг оросууд буудахад

Түүний цаана

Түймэр шиг бадарч явсан

Өргөн талын минь

Үнэг гэгч сайхан амьтан

Өвсний үзүүртээ амь нь таслагдахад

Өөрийнхөө сүүдрийг нүд нь харсаар байсан

Гамшиг зовлон, үйлийн үртэй

Гахай жилийн зуднаар би төрсөөн ...

Тэнгэрийн хаяаны будрын чулууг хоргол байхад

Тэхийн зогсоол дээр янгирын ишиг гараагүй байхад

Ембүү мөнгөн сар мэлтрэх

Шилийн Богд уул

Явуухуланг л монголоос ганцхан хүлээсэн мэт ...

Хачин нам гүм оргих

Хагацахуйн аймшгийн тэр агшнаас өмнө

Хамаагүй эрт өлгийдөө үрчлээтсэнээ мэдэрсэн

Хэдэн оны, хэдэн сарын, хэдний өдрийг

Хэл бичиг, тоо, үсэг үгүй

Хэзээ мэндэлсний гэрчилгээ үгүй

Асгат хэмээх цаст ноён уулын

Авдрантын урд биед

Азаргаар адуу тууж хийморьшсон

Арван тавны цагдаа нарт хөөгдөж омогшсон

Сайн эр Тоорой Бандийн нуугдаж явсан

Сайрын чулуу гэдэг Саран хонхорт

Сайран хөлтэй хүү болж би мэндэлсээн

Дарьгангын хоёр найрагч

Данзаннямын Шагдарсүрэн

Доржийн Гомбожав хоёрыгоо

Даанч эрт хорвоогоос халихад

Дараагийнх нь үхлийн үргэлжлэл болох гэж

Данзангийн Нямсүрэн бибээр ертөнцөд төрсөөн ...

Галав юүлсний дараа би

Гараг дээр төрсөн байх ...

Гадил жимсийг сармагчинд өгөхөд

Хүмүүн төрлийг олсон байх ...

Галав юүлэхээс өмнө амжиж

Ганц шүлэг бичиж үлдээх юмсан даа

Гадил нөгөө жимсийг нь

Сармагчиндаа буцааж өгөөд

Газар дээр өргүй

Санаа амар буцахсан даа ...

1996.04.07

АГЛАГХАН ТАЛААСАА


Аглагхан талаасаа хотод орж ирэхэд

Аятайхан л юм шиг байдаг даа

Автобусны зогсоол дээр хүмүүс үзэгдэж

Нартай хөндий шиг л гудамж гэрэлтдэгсэн дээ

Хэн хэнийгээ танихгүй олон

Хэрэх замын уулзварт нэг уулзацгаах юм даа

Хэтдээ тэд хаа очих нь тусдаа ч

Хэрэг болбол хүн хүнийхээ заяаг түшилцэнэ ээ

Нэр зүс үзээгүй бүсгүйтэй суудал хувааж явахад

Нэн ч аялагхан бөгөөд мэдэхгүй цэцгийн үнэр

Нэгэнтээ анхилж хоёронтоо холдон

Хэрлэнгийн хөвөө хавиар л зүүдэнд шингэдэг дээ

Аглагхан талаасаа хотод орж ирэхэд

Аятайхан л юм шиг байдаг даа

Автобусны зогсоол дээр хүмүүс үзэгдэж

Нартай хөндий шиг л гудамж гэрэлтдэгсэн дээ

Од мөндөр мэт үзэсгэлэнт төвөөр

Олон л орж ирж буцлаа даа

Ойн цоорхойд зогсох гөрөөс шигээ сониучирхан

Орчлон энтээхийг гайхаж л явлаа

Хөл болоод бэлхүүс бие нь зөв

Хөөрхөн хүүхнүүдий нь модны цаанаас харж л явлаа

Аглагхан талаасаа хотод орж ирэхэд

Аятайхан л юм шиг байдаг даа

Автобусны зогсоол дээр хүмүүс үзэгдэж

Нартай хөндий шиг л гудамж гэрэлтдэгсэн дээ

Энэ л яваа насандаа тэр сайхан газар

Эхнэр хүүхэдтэйгээ нэг суурьшмаар бодогдоно

Тэнгэрийн салхиар дутам өдөр ирэх л биз ээ

Тэгвэл би цонхоо цэлийтэл нээчихнэ...

Хань нөхөд минь манай руу тэгээд

Хаврын урь шиг ирцгээнэ ээ

Хаалга үүдээ тогшицгоодоггүй хөдөөний тэд

Ханагар ханагар эрчүүл ороод ороод ирнэ

Аглагхан талаасаа хотод орж ирэхэд

Аятайхан л юм шиг байдаг даа

Автобусны зогсоол дээр хүмүүс үзэгдэж

Нартай хөндий шиг л гудамж гэрэлтдэгсэн дээ

Орон хот газраар зөндөө л их явлаа

Онгодоо сэргээж хүлэг морьдоо унасан юм шиг

Урт урт улаан автобусаар нь

Урагшаа хойшоо бишгүй л давхилаа

Яарсан олных нь урсгалд Дарьгангаасаа нийлж

Нацагдоржийнхоо хөшөө рүү шүлгийн номтой догдолж явлаа

Ялигүй нэг гуниг гэвч зүрхэнд сууж

Яруу найрагт минь үлдсэн юм даа

Оньстой хаалганы гадна талд би зогсож

Одоо цагийн хонхны товчийг шогширтол дарсан

Дон дон гэдэг хүүхдийн тоглоомын дуу гарч

Дотроос нь улавчтай хөлний удах чимээг хүлээсэн

Босгоныхоо дэргэд тэд ирж шилэн хараавчаар

Буудах гэж байгаа юм шиг намайг шагайсан

Алах алахгүй ангаа л ингэж

Анчин хүн дуранддагсан даа

Аглагхан талаасаа хотод орж ирэхэд

Аятайхан л юм шиг байдаг даа

Автобусны зогсоол дээр хүмүүс үзэгдэж

Нартай хөндий шиг л гудамж гэрэлтдэгсэн дээ

Үнэхээр сайхан цэнгэж дуу дууллаа энд би

Үнсүүлж хайрлуулж үзүүлж үзлээ

Догдолж хөөрсөн сэтгэл довжоо алгасахад

Дотор талын хаалганд цүү хангинаж

Хөл минь торсон юм даа

Ялигүй нэг гуниг зүрхэнд үлдэх нь яамай даа

Яруу найраг минь харин сүүдэргүй байг даа

Яарсан олныхоо урсгалд Дарьгангаасаа би нийлж

Нацагдоржийнхоо хөшөө рүү дахиад нэг очъё доо

Аглагхан талаасаа хотод орж ирэхэд

Аятайхан л юм шиг байдаг даа

Автобусны зогсоол дээр хүмүүс үзэгдэж

Нартай хөндий шиг л гудамж гэрэлтдэгсэн дээ

ҮГҮЙЛЛИЙН ДУУ


/Реквием/

О.Дашбалбарт

Ар цармын хайлаасанд

Алаг шаазгай шагширлаа

Аймаг явсан хойгуур

Дүү минь ирээгүй байгаа

“Алтан Богдын шилд

Алтан гургалдай жиргэнэ”

Алтан гургалдайн хоолойд

Нуугдсийм биш байгаа

Шамбалын орны үүдээр

Шаргал туяа татлаа

Шандат цайдмаа орхисон

Шавь минь биш байгаа

“Шар хадны дээгүүр

Шар солонго татлаа”

Зэв үгэнд намнуулсан

Зээрэн дүү минь биш байгаа

Шархтай шархгүй гөрөөс ба хүн

Дүү чи бидэн хоёроо гэж ...

1999.11.1

САРНЫ ЦАГААН ҮҮЛС


Сар өдрөөр намайг яваад ирэхэд

Санаж л суусан биз ээ амраг минь

Санчигны минь цагаан үсийг хараад

Санаа алдсан нь хэд ч юм билээ дээ

Өвөр дээр чинь эрхлэлгүй төсөөрч

Өнө их удсан байж магадгүй ээ би

Үүрийн шувууд шулганалдахын урьдхан

Өнөөх л яруу найрагтайгаа нөхцөхөөр

Хадсан бухал налаад зогссон бүсгүйчүүл

Халанга нүдээрээ намайг бишгүй л өдсөндөг

Харин тэндээс буцахдаа шанхандаа өвсгүй

Мөрөөдөмтгий харцаараа чамайг хайрласаан

Хуурайхан салхинд ороолдсон халимаганд минь

Хурмастаас илгээсэн хэсэгхэн цас бий

Мөндрийн зурвас дайрсан тэр л үсийг минь

Мөнгөн бэлзэгний оронд хуруундаа ороогоорой

Янзага эхээсээ төөрсөн манан дотор

Ямагт түүнтэй цуг байсаан би

Янаг чамайгаа хүлээлгэсэн олон шөнүүд минь

Ялгуум талаа дуулсан хайранд шингэсээн

Оготор бошинзтой гүйж явсан нас тань

Оддын тэртээд л байх шиг санагдах юм

Цагаан цамцаа дэрвүүлэн би ч гэсэн бас

Сарны цагаан үүлсийн тэнд очсон байлгүй

***

***

Өвлийн гол усныхаа эгшиглэн цагаан дунг сонсмуй

Өврөөс сэрэх янагийн минь хөмсөг алтан

хараацай шиг нисмүй

Өглөөний тунгалаг, мөнгөн талынхаа дууллыг

чагнамуй

Өврөөс сэрэх янагийн минь сормуус алтан хийл

шиг харагдмуй

Өргөн нуга хөндий ян тас хөлдөх нь зүүрмэг

үүрээр дуулдмуй

Өврөөс төөнөх янагийн минь хоёр шувуу зүүд

үргээмүй

Үүнгүйгээр байх аргагүй байгалийн симфони нойр

хулжаамуй

Өврөөс долгилох янагийн минь хөл өвдгөн дээгүүр

урсмуй

Өндөр хөх огторгуйд цалин цавцгар уулс хангинан

янгинамуй

Өврөөс сэрэх янагийн минь царай тэргэл саранг

чимэмүй

Үүрийн улбар туяанд шөнийн бүрэнхий лаа шиг

асмуй

Өврөөс мишээх янагийн минь нүд алтан тугал шиг

сэрмүй

Үймэг бүймэг оргиод тэнгэр бид хоёр дүнсиймүй

Өврөөс өндийх янагийн минь гэзэг алтан

бороогоор асгармуй

Үелзэх цэнхэр гялбаа хаялж одод зурс зурсхийн

цахилмуй

Өврөөс өндийх янагийн минь үс алтан алмазаар

эсгэмүй

Өмнөдийн салхи, шил хөндийгөөр исгэрэн

лимбэдмүй

Өврөөс эхнэр босох нь алтан гөрөөс мэтүй

Үүлс хяраалж тэнгэрийн заадсаар сүйх тэрэг

одмуй

Өврөөс эхнэр босох нь наран сарны завсар мэтүй

Өвлийн тэргүүн сарын шинийн хоёрны саран

үзэгдэх нь

Өргөний голын мөсөн дээр ээмэг унах шиг

цангинамуй

Суль өвс мандолины утас шиг жингэнэн чулууг

гуядлахуйд

Чухамхүү миний янагийн хоолой алтан ятгаар

эгшиглэмүй

Үүлний энэ байдал цаст цагаан зургийг үзүүлмүй

Өнөд тэр нь миний чиний орчих хязгаар болой

Үүдний довжоон дээгүүр цан мөсний яруу дуун гармуй

Өнгөрсөн хийгээд өнөөдрийн тухай юуг би бодмуй

Өврөөс эхнэр босох нь алтан бугын гүйдэлтэй ...

Гүйгүүл холын зэрэглээ хуучир хөгжим шиг долгилмуй

Гүнд цэцэгс шөнөд дэлгэрэх нь чиний биеийн

галбир буюу

Ай миний нутгаа зорих зам дээр шаргачин зогсох нь

Алтанхан шанз мэт ээ, Ай Нан-аа эгч минь!

Гурвуулаа байлаа гэж Мэнд-Ооёо, Нямсүрэн хоёр

дуулмуй

Гурван марал од тэнгэрт зэрэгцэн оршихын

билгэдэл юу вэ?

Гүйгээд очмоор Наранбулагийн жаахан Хандмаа

минь дээ

“Гүнгийн зуугийн гэгээний алтан сургаалийг” би л

“зохиосон” юм шүү дээ

Гүйцээгээгүй орохисон учраас Дашбалбар дүү минь

алга болсон юм даа

Бодоод байхнээ би хаднаас ч хатуу чийг ч үгүй болж дээ

Болжмор, болжморуудад нулимсаа бэх бэхээр нь өгчихсөн

Нарт энэ ертөнц дээр хоёрхон юмыг авч үлдлээ би,

Надаас өөр хэн ч бичихгүй шүлэг, хэн ч үнсэхгүй уруул

2001. 11. 17

Өвлийн тэргүүн сарын шинийн хоёрон

БИ ЦАС БОЛНО


Буй биеэрээ би цас болно

Бүрхсэн их цас болно

Бүүр том хот тосгодыг ч

Бүгдийг хучсан цас болно

Гуу жалга дүүрэн цас болно

Гуниг зовлонг дарсан цас болно

Гуйлгачин ядууг умдаалсан цас болно

Гурвалсан морьд шиг галт тэрэгний

Дуун дохио дун бүрээ цас болно

Хамаг биеэрээ би цас болно

Хавирган сарны сэвэлзээнд

Хашаан доторх хэцэн дээр

Хяруулж сувдарсан цас болно

Хамгийн эхлээд би чинийхээ

Хатаахаар салхинд өлгөж тавьсан

Хавчаартай хөөрхөн нэг “алаг шувууг”

Хамгаас нуун далдлах цас болно

Хайрлаж дурлаж явсан

Он цаг минь цас болно

Хандмаагаас ирсэн захиа

Хөх-нуурын шүлгүүд минь ч цас болно

Энэ биеэрээ би цас болно

Их үс гэзэг шигээ цас болно

Эргэж төрөхдөө би цас болно

Эрээнцавынхаа л цас болно

Эцэст нь чамдаа гишгүүлж дагтаршсаар

Энгэрийн бэлд тавьсан

Эрдэнийн гурвалжин чулууны

Эрхин цагаан судалд шингэнэ

Тэргүүний минь үс тэр цагт үсэг болж

Тэнгэрийн орноо билиг болон одно

Цагийн жамаар гэзэг минь аясхан бударч

“Цагаан шүхэрт” ном болно...

ЦАГ БОЛЖ НӨХЦӨЛ БҮРДЭХЭД


Цаг болж нөхцөл бүрдэхэд

Өнгийн цэцэг навч дэлгэрнэ

Цаг болж нөхцөл бүрдэхэд

Өлийн өвс ургамал хагдарна

Цаг болж нөхцөл бүрдэхэд

Чи бидэн дурлалцана

Цаг болж нөхцөл бүрдэхэд

Чи бидэн хагацалднам аа

Цаг болж нөхцөл бүрдэхэд

Цас бороо холилдон орно

Цаг болж нөхцөл бүрдэхэд

Тэнгэрийн хаяа гийж

Сүм дуганын орой гялалзнам

Цаг болж нөхцөл бүрдэхэд

Шар сүмд хөхөө үүрээ засна

Цаг болж нөхцөл бүрдэхэд

Цагаан олбиуд өндгий нь сорно

Цаг болж нөхцөл бүрдэхэд

Сахил дээгүүр оготнойд гүйлдэнэ

Цаг болж нөхцөл бүрдэхэд

Цуулдсаар тэднийг цохиж алнам

Цаг болж нөхцөл бүрдэхэд

Шанаган хорхой хийлийн цар болно

Цаг болж нөхцөл бүрдэхэд

Шалбаагны мэлхий лимбэний хослол болно

Цаг болж нөхцөл бүрдэхэд

Шавь Содномнамжил Баруун-зуугийн хамба болно

Цаг болж нөхцөл бүрдэхэд

Шамбалын орноо сууж шүлэг бичихээр би явнаа ...

НУРМАА


Нурмаа гэж

Нутгийн минь бүсгүй

Нууцхан санаа алдмаар

Сайхан бүсгүй

Зүрхний минь гүнд

Нуугдсан булаг

Зүүдэн дотор намайг бүүвэйлсэн

Ганга нуурын давалгаа

Морьтой хүн ирвэл

Сураг дуулмаар санагдаад

Морьтой хүн явбал

Сураг хэлүүлмээр бодогдоод ...

Нурмаа гэж ...

Сэтгэлд шиврэх

Хаврын бороо

Нурмаа гэж ...

Сэтгэл гэгэлзэх

Намрын салхи.

Зүрхнээ цохилох

Гангын цагаан шивнээ

Зүүднээ өндөлзүүлэх

Дарьгангын жаахан шарга.

Насны багад

Надад эгчирхсэн омгорхол

Намайг байгальтай хүйслүүлж

Нартай согтоосон бодьгал

Нурмаа гэж ..

Нутгийн минь бүсгүй

Нуух нүгэлгүй

Хүний үр

Нурмаа гэж ...

Нуурын айлын сайхан хүүхэн

Нутгийн ах нарын

Нүдний хор

Нурмаа гэж ...

Эр хүн өөрийгөө нууцхан гоёмоор

Эх нутгийнх нь захад нэг тольдмоор

Сайхан бүсгүй

Зүрхний минь гүнд

Нуугдсан булаг.

Зүүдэн дотор намайг бүүвэйлсэн

Ээжий минь Ганга нуур

Нурмаа гэж ...