Sunday, September 5, 2010

Сайхан бүсгүйн сууж байсан газар...

***
Сайхан бүсгүйн сууж байсан газар
Саруул талын ногоо ургадаг байх
Энгэр хөндийн тэрээхэн хөндийд
Эрвээхэй цэцгийн тоосонд шанддаг байх.

Сайхан бүсгүйн босоод явсан газар
Шанзны үзүүрийн салхитай байдаг байх
Эм хүний шүргээд өнгөрөх хормой
Энгэр заамаар шургах балын амттай байдаг байх.

Бүсгүй хүн сууж гэр барьсан газар
Бүстэй хүн үзээгүй мод цэцэглэдэг байх
Бөрт цагаан сар хээр хоносон шөнө
Бүхний түрүүнд марал тэнд хужирладаг байх.

Амьтан ургамалын жамыг дагаад
Агаар тэнгэрийн нар сарны эргэлт болдог байх
Арын нугын шар цэцэгэнд одоо ч очихдоо би
Алтанцэцэг, нохойгоо хорь! гэж хэлдэг.

No comments: